Булган уулын оройгоор нүүх үүлс дэвж буй бөх мэт харагдана
Архангай аймгаас төрж гарсан тамирчид тив, дэлхий, олимпийн дэвжээнд эх орныхоо нэрийг өнөө жил олонтаа цуурайтуулсан билээ. Лондонгийн зуны XXX олимпоос Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул Монгол Улсын гавьяат тамирчин Нямбаярын Төгсцогт боксын 52 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн бол Хашаат сумын харьяат гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг чөлөөт бөхийн 63 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн.
Их Монгол Улс байгуулагдсаны 806, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадамд Архангай аймгийн Булган сумын харьяат Дамбийгийн Рагчаа найм даван үзүүрлэж гарьд цолны болзол хангасан. Харин Архангай аймгийн Булган сумын уугуул Рэнцэнбямбын Пүрэвдагва төрийн их баяр наадамдаа тав даван Монгол Улсын начин цол хүртсэн билээ. Энэ жил нутаг усныхаа нэрийг өндөрт гаргасан тамирчдад Архангай аймгийн нутгийн зөвлөлийнхөн болон ард иргэд хүндэтгэл үзүүллээ. Эл арга хэмжээ өнгөрөгч баасан гаригт Архангай аймгийн төв Эрдэнэбулган суманд болсон юм. Биднийг Эрдэнэбулган суманд очиход олон зүйлс өөрчлөгдсөн байлаа. Аймгийн төвийн хайс саравчнуудыг засч, Булган уулын өвөрт байрлах Галдан зуу хийдийг сэргээн, 4.5 метрийн өндөртэй Бурхан багшийг хоёр шавийнх нь хамт бүтээж шашны төв болгожээ. Мөн төрийн захиргааны удирдлагын ордныхоо өмнөх талбайг шинэчлэн, усан оргилуур бүтээсэн хэдий ч хулгайчид өнөө усан оргилуурынх нь хошууг хулгайлсан тул ажиллаагүй байгаа гэлээ.
Баасан гаригийн өглөө бороо орж байсан тул "Өнөөдрийн арга хэмжээ лөөлөө болох вий"
хэмээн хүмүүс ярилцана. Хувьтай хүн хур борооноор гэдэг. Өнөө хүндэтгэл үзүүлэх тамирчид нь үүрээр нутагтаа иржээ. Алтан ганжир мэт нарны туяа үүлс нэвтлэн гэрэл цацна. Тэрхэн мөчид Булган уулын өвөр дээгүүр наран мандлаа. Уулын оройгоор дэвж буй бөхийн дүрстэй үүл нүүх нь цаанаа л нэг учиртай байсан биз ээ.
Тус аймгийнхан жил бүр намрын спартикиад зохион байгуулдаг уламжлал тогтжээ. Эл өдөр спартикиадын нээлт болох учиртай. Мөн 19 сумын 99 багийн удирдлагууд бүрэн эрхийн хугацаа дуусч байгаатай холбогдуулан уулзалт зохион байгуулахаар төлөвлөсөн байжээ. Нутгийн иргэдтэй уулзахад энэ зун бороо хур арвин байгаа тул бүх сумдаар зуншлага сайхан болсон тухай ярьцгааж байв.
Энэ өдөр олон арга хэмжээ болсон бөгөөд эхнийх нь Худалдааны төвийн нээлт байлаа. 790.3 сая төгрөгийн өртгөөр боссон уг худалдааны төвийн нээлтэд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч Д.Мөнхбат, Засаг дарга Ё.Баатарбилэг тэргүүтэй албаны хүмүүс болон бизнес эрхлэгчид оролцлоо. Тус аймагт ажлын байрны хүрэлцээ муу байдаг гэнэ. Энэхүү худалдааны төв ашиглалтад орсноос 300 гаруй хүн ажлын байртай болж байгаа аж. Үүний дараа төв стадионд "Намрын спартикиад"-ын нээлт боллоо. Өнөө жилийн намрын спартикиадад 30 орчим багийн 600 орчим тамирчин оролцсон юм. Спартикиадын нээлтийн өмнө Монгол Улсын гарьд Д.Рагчаа ирлээ. Түүний дараа олимпийн мөнгөн медальт Н.Төгсцогт дасгалжуулагч Д.Батсүрэнгийн хамт орж ирсэн бол, Монголын чөлөөт бөхийн түүхэн дэх анхны эмэгтэй олимпийн медальтан С.Батцэцэг дасгалжуулагч З.Дүвчингийн хамт орж ирэхэд хурсан олон баяр хүргэж угтсан юм. Тэдний араас шинэхэн начин Р.Пүрэвдагва яарсаар орж ирэв. Спартикиадыг нээж амжилт гаргасан тамирчид хамтдаа тугаа өргөснөөр албан ёсоор тэмцээн эхэлсэн юм. Тэмцээн үндэсний бөхийн барилдаанаар эхэлсэн бөгөөд Монгол Улсын харцага Мөнгөнцоож, начин Амарзаяа тэргүүтэй хүчит 32 бөх барилдлаа. Ихэвчлэн залуучууд болон сургуулийн сурагчид барилдав. Хүчтэнүүдийн өлгий нутгийн залгамж халаа сайн байгаа тухай нутгийн иргэд ам булаалдан ярилцана. "Пүрэвдагва эдэн шиг л барилдаад гүйдэг байсан. Гэтэл өнөөдөр начин болчихсон байна. Энэ нүцгэн банди нар л юм дуулгана даа" хэмээн хоёр хөгшин хөөрөг зөрүүлэнгээ хуучлах нь бусдаас содон сонсогдож байлаа.
Наадмын цэнгэлдэхэд алдартнуудаа харах гэж олон хүн иржээ. Тамирчид индэр дээр сууж байсан болохоор царай нь харагдахгүй байсан бөгөөд зураг авсан хүмүүсээс ойрхноос ямар харагдаж байгааг нь асуун зургийг нь үзнэ.
Хүчит бөхийн барилдааны нэгийн даваатай зэрэгцэн хөлбөмбөгийн тэмцээн эхэллээ. Ноднин стадионых нь урд хөлбөмбөгийн талбай байгуулжээ. Хүүхдүүд чөлөөт цагаараа очиж тоглодог гэнэ. Архангай аймгийн хөлбөмбөгийн дасгалжуулагч К.Баттулга "Манай хүүхдүүд хөлбөмбөгийн талбайтай болсноос хойш их идэвхтэй хичээллэж байгаа. Ур чадвар ч гэсэн сайн байгаа биз дээ" хэмээсэн юм. Тэмцээнд өсвөрийн тав, насанд хүрэгчдийн 10 баг оролцож байлаа. Тэмцээнд оролцогч хүүхдүүд хувцсаараа жигдрээгүй байсан бөгөөд бие биенийгээ танихад хүндрэлтэй байгаа тухай ярьж байв. Зарим нэг нь цээж нүцгэн тоглож байгааг харсан хүмүүс "Нүцгэн нь ч зүгээр юм уу" гээд инээлдэнэ.
Тэмцээнүүд дундаас үзэгч багатай цөөн хүн оролцсон тэмцээн нь сурын харваа байлаа. 10 гаруй харваач задгай талбайд харваж байсан бөгөөд "Эрийн гурван наадмын нэг болох сурын харваагаа жаахан дэмжээсэй" гэж байсан юм. Тэд цөөхүүлээ ч гэсэн олноос дутахгүй өрсөлдөөнийг үзүүлэх аж.
Тамирчдадаа хүндэтгэл үзүүлэн хурдан морь уралдуулах байсан ч тодорхой шалтгааны улмаас больжээ. Үндэсний бөхийн барилдааны талбайн хажууд шагайн харвааныхан сууцгаасан байлаа. Шагайн бяцхан тойромд долоон багийн 50 орчим тамирчид цэцээ сорив.
Тус аймгийнхан Нутгийн захиргааны ордон дотроо Ёслол хүндэтгэлийн өргөө байгуулжээ. Саяхан Төрийн ордныг иргэдэд нээлттэй болгосон тул аймгийн удирдлагуудын шийдвэрээр Ёслол хүндэтгэлийн өргөөгөө мөн иргэдэд нээлттэй болгосон бөгөөд хүссэн иргэд өргөөг сонирхож болно гэж тамгын газрынхан нь хэлж байлаа. Уг өргөөндөө дөрвөн тамирчиндаа хүндэтгэл үзүүлсэн юм. Н.Төгсцогт, С.Батцэцэг, Д.Рагчаа нарыг аймгийн хүндэт иргэнээр өргөмжлөв. Улсын начин Р.Пүрэвдагвад Засаг даргын жуухыг гардуулав. Аймгийн удирдлагууд Н.Төгсцогт, С.Батцэцэг нар залуу болохоор цаашид олон тэмцээн уралдаанд нутаг орныхоо нэрийг өндөрт өргөж, олимпийн аварга болоорой гэж ерөөлөө. Харин гарьд Д.Рагчааг аварга болохыг хүссэн бол Р.Пүрэвдагвыг цолоо ахиулан олон жил зүлэг ногоон дэвжээгээ чимнэ гэдэгт итгэлтэй байгаагаа дуулгалаа.
Тамирчидтай зургаа татуулах гэсэн иргэд цуглажээ. "Төгсцогт чи манай нутаг юм уу. Ёстой мэдээгүй. Ямар сайхан юм бэ" гэсэн иргэд түүнтэй гар барих гэж гараа сарвайна. Н.Төгсцогтын аав, эмээ нь Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул аж. "Би Улаанбаатар хотод төрсөн ч аав, эмээ маань Батцэнгэл сумын харьяат болохоор Архангай аймагтай салшгүй холбоотой. Энэ сайхан байгаль, дэлхийн нэгээхэн буйдад аав, эмээ маань төрж өссөн" гэсэн юм. Тэрээр маргааш өглөө нь эмээтэйгээ Батцэнгэл сум руу явна гэв. Тэрээр айраг уумаар байх юм. Даанч ходоод өвдчихнө дөө гэх аж. Олон жил жин хассанаас болж ходоод нь өвддөг болсон гэнэ.
Үдийн хагаст тамирчдадаа шагнал гардуулав. Н.Төгсцогт, С.Батцэцэг, Д.Рагчаа нарт тус бүрт 10 сая төгрөг, шинэ начин Р.Пүрэвдагвад таван сая, С.Батцэцэгийн дасгалжуулагч З.Дүвчинд хоёр сая, анхны багш Д.Дондовт нэг сая таван зуун мянган төгрөг гардуулав. Н.Төгсцогтын дасгалжуулагч Д.Батсүрэнд хагас сая төгрөгийн мөнгөн шагнал олгосон юм. Эдгээр мөнгийг нутгийн иргэдийн хандиваас бүрдүүлжээ.
Энэ үеэр нутгийн хөгшинтэй уулзаж Архангай аймгаас хүчтэнүүд олноор төрдгийн учрыг лавлахад "Баянхонгор аймгийн Эрдэнэцогт, Архангай аймгийн Булган сумын нутгийн зааг орчимд эрт дээр үеэс "Бөх" мод гэж нэгэн мод ургадаг байж. Зэрвэсхэн харахад зодог шуудагтай бөх хүн өрөөд зогсож байгаа мэт харагддаг юм. Хууччуул ярихдаа энэ мод унаагүй цагт манай нутгаас олигтой бөх төрөхгүй гэж хуучилдаг байж билээ. Унахдаа баруун зүгт хазайж унавал Баянхонгор, Говь-Алтай чиглэлээс, зүүн зүгт унавал Архангай, Булган, Өвөрхангай аймаг түүний дотор Архангайн Булган, Цэнхэр, Хотонт, Хашаат зэрэг сумаас сайн бөх төрнө гэж хуучилдаг байсан гэдэг. Гэтэл 1970-аад оны үед уг мод зүүн зүг рүүгээ унаж. Түүнээс хойш Монгол Улсын дархан аварга Г.Өсөхбаяр, арслан Д.Мөнх-Эрдэнэ, гарьд Д.Рагчаа, заан Д.Хишигдорж, Ч.Санжаадамба, харцага Г.Батбаяр, начин С.Эрдэнэбат, Р.Пүрэвдагва, Н.Алтансүх, Ц.Цэрэнчимэд, Д.Дашцэрэн нарын улсын алдар цолтой бөхчүүд шил шилээ даран төрсөн. Мөн Булган аймгийн Гурванбулаг сумаас гарьд И.Доржсамбуу, начин И.Ёндонсамбуу, Сайхан сумаас олимпийн аварга Н.Түвшинбаяр нар төрөн гарсан. Өвөрхангайгаас хөдөлмөрийн баатар З.Ойдов, З.Дүвчин тэргүүтэй хүчтэнүүд төрсөн байдаг. Ингэснээр "Бөх" модны домог үнэн бодитой ч юм шиг олон хүмүүст ойлгогдох болсон" тухай ярьсан юм.
Заяын гэгээний "Галдан зуу" хийдийн тухай нэгэн хувраг хуучилсан юм. Булган уулын өвөрт, нутгийн иргэдийнхээ итгэл хайрыг тээсэн энэ хийд 1624 онд байгуулагдсан гэнэ. Ламын гэгээн, Заяын гэгээн, Ширээт гэгээн хэмээх гурван их гэгээн энэ газарт ирж хоноглохдоо хэнийх нь аяганд цэцэг ургасан нь өөрийн хийдийг байгуулъя гэж тохирчээ. Заяын гэгээний аяганд цэцэг дэлгэрснээр Булган уулын өвөрт энэ хийд боссон гэдэг. Цагтаа энд мянга гаруй лам хувраг шавилан суудаг, шашин номын томоохон төв байжээ. Гэвч их хэлмэгдүүлэлтийн үеэр ихэнх лам хуврагуудыг буудан хороосон гэдэг. Уг хийд байгуулагдсан цагаасаа эхлээд өнөөдрийг хүртэл бүдгэрсэн будаг, шунхыг сэргээснээс өөр засвар хийгээгүй унаган төрхөөрөө байгаа хэмээсэн юм. Булган уулын энгэрт зурсан бурхдын зураг болон Богд Зонховагийн хөргийг будгаар будан дарах гэсэн боловч амжилтыг эс олжээ. Яаж ч дарсан эргээд л бурхны хөрөг тодордог аж. Энэ гайхалтай зүйлсийн талаар хүмүүс ихээхэн ярилцдаг ба гадны жуулчдын ихээр сонирхдог бурхан шашины төв болсон тухай ярьсан юм.
No comments:
Post a Comment