Сар руу шидсэн чулуу /өгүүллэг/
Чөлөөт цаг | 2011 / 09 / 27
Зуны шөнө зуслангийн айлууд тийм ч эрт унтахгүй. Шөнийн нэг хоёр цаг хүртэл хаалга үүд нь онгорхой шуугилдцгаадаг байлаа.
Харин хүүхдүүд нь хэсэг бүлгээрээ цугларцгааж голдуу л “болсон явдал” хэмээх хэн чухам хэзээ зохиосон нь тодорхойгүй аймшигт түүхийг бие биендээ сонирхуулан ярьж, зарим нь яриандаа бүрэн автаад энд тэнд юм хөдлөх шиг боллоо зэргээр айж эвгүйцэцгээдэг ч шөнө болгон л цугларцгааж элдвийн түүх ярьдаг байв. Манай зуслангийн даргын хүү Шараа бид хоёр ихэвчлэн тэр ярианы гол дүрд тоглоно. Ихэнх “болсон явдал”-ыг урьд өмнө сонссон яриан дээрээ тулгуурлан нэмж хачирлан зохиодог байлаа. Шараагийн жинхэнэ нэр Бат-эрдэнэ боловч энэ нэрээр нь дууддаг хүн лав манай зуслангийн хэдэн айл дотор байгаагүй юм даг. Гялалзсан шар нүдтэй, сэвхтэй шар царайтай тэр хүү зуслангийн даргын төрсөн хүү нь биш, орос цэргийн даргын хүү юм гэнэлээ гэж томцуулын шивнэн ярилцахыг сэмхэн сонсоогүй хүүхэд манай зусланд л бараг байгаагүй санагдана. Орос цэргийн даргын хүүхэд гэдгийн сонсоод бид нар түүнийг улам ч хүндлэх болсон билээ. Тэр бид хоёр бусад хүүхдээс арай илүү дотно үерхэнэ. Учир нь зөвхөн зусланд хамт гаргах төдийгүй хотод зэргэлдээ байранд амьдарч, сургуульд зэрэгцээ ангид суралцацгаадаг байв. Өглөө эрт уулзаад хоёулаа шөнө юу зохиож ярих билээ хэмээн бодож өдрийг өнгөрөөх нь ч бий. Тийм нэг их бодол болсон өдөр Шараа бид хоёр голын усанд сэлж шумбаж уйдчихаад нарны илчинд халсан бетонон гүүрэн дээр нойтон биеэ хатаан хэвтэнгээ:
- Өнөө шөнө охидуудыг ганц сайн айлгахаар аймшигтай түүх яримаар байна.- Би бодоод л байна. Толгойд олигтой үнэмшилтэй явдал нэг л орж ирэхгүй юм. Яая даа байз?
No comments:
Post a Comment